БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ДЭЭЖ АВАХ, ХАДГАЛАХ, ТЭЭВЭРЛЭХ ЗААВАР ЖУРАМ, ҮНИЙН ТАРИФ

Дэлгэрэнгүй үзэх

 

ИТГЭМЖЛЭГДСЭН БАЙДАЛ

ИТГЭМЖЛЭГДСЭН БАЙДАЛ

Монгол улсын Стандартчилал Тохирлын үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтын дагуу  тус лаборатори нь 2007, 2009 онуудад 2 удаа итгэмжлэлийн үнэлгээ хийлгүүлэн “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” MNS ISO/IEC17025 стандартын шалгуур үзүүлэлтүүдийг хангаж, 2 жилийн хугацаатай итгэмжлэгдсэн бөгөөд, шинжилгээний нэр төрөл, үзүүлэлтийн тоо, итгэмжлэлийн хүрээг өргөжүүлэн ажилласнаар 2012 онд 3 жилийн хугацаагаар дахин итгэмжлэгдсэн.

Орчин үеийн шинжилгээний арга аргачлалд тулгуурлан хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлж, эрүүл ахуй болон чанар аюулгүй байдлын сорилт шинжилгээг хийж гүйцэтгэн, дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үүнд:

  • Хүнсний бүтээгдэхүүнд хими, нян судлал, хорио цээрийн шинжилгээ
  • Ахуйн хими, гоо сайхан, ариун цэврийн бүтээгдэхүүн, сав баглаа боодолд хими, нян судлалын шинжилгээ
  • Эм, эмнэлэгийн хэрэгсэлд нян судлалын шинжилгээ
  • Гадаад орчны болон орчны эрүүлзүйн шинжилгээ
  • Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, таримал ургамлын үр, үр тарианд хорио цээрийн болон технологийн чанарын шинжилгээ
 

ТҮҮХЭН ТОВЧОО

1960 он-Лабораторийн үндэс суурь нь тавигдаж тухайн үед анхны нян судлалын лаборатори Эрүүлийг Хамгаалах Газрын харьяа Ариун цэвэр халдвар судлалын станцын дэргэд нэг лаборантын орон тоотойгоор үүсгэн байгуулагдсан.

1962 он- Эрүүл ахуйч эмчийн орон тоо нэмэгдсэн.

1964 он-Химийн лаборатори байгуулагдаж  Эрүүлийг хамгаалах газрын харьяа Ариун цэвэр, халдвар судлалын станцын дэргэд нэг орон тоотойгоор ажиллаж эхэлсэн.

1971 он-Аймгийн Эрүүлийг хамгаалах газрын байранд нүүж орсон.

1972 он-Нэгдсэн эмнэлгийн лабораторитой нэгдсэн.

1975 он-АЦХСС-ын барилга баригдаж зориулалтын лабораторийн байранд орж, мөн химийн лабораторид химич, лаборант, шил угаагч гэсэн орон тоо нэмэгдсэн.

1991 он-Клиник бактерилогийн лаборатори нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасагтай нэгдэж, үлдсэн лаборатори нь Эрүүл мэндийн байгууллагын харьяа “Эрүүл ахуй халдвар судлалын газар”-ын лаборатори нэртэйгээр ажилласан.

1996 он-Аймгийн Мэргэжлийн хяналтын албаны харьяа “Эрүүл Ахуй Халдвар Судлалын Лаборатори” болсон.

2000 он-Эрүүл мэндийн Газрын харьяа “Эрүүл Зүйн Лаборатори” болсон.

2005 он-Аймгийн Засаг Даргын захирамжаар Стандартчилал Хэмжил Зүйн төвийн лабораторид нэгдэж “Хүнсний Аюулгүй Байдлын Нэгдсэн Лаборатори” болсон.

2007 он-Аймгийн Засаг даргын 2006-05-26-ны өдрийн 111 тоот захирамжаар Стандартчилал Хэмжил Зүйн төвийн дэргэд байсан ХАБНЛ-иос хими, нян судлалын лаборатори нүүж ирсэнээр Мэргэжлийн Хяналтын Газрын “Эрүүл Ахуйн Хяналтын Лаборатори” болсон.

2012 он-Монгол улсын Засгийн газрын 175-р тогтоолоор Аймгийн  Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх хүнсний хими, нян судлал, таримал ургамлын үрийн лабораториудыг Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаанд нэгтгэснээр химич, микробиологич, шинжээчийн орон тоо нэмэгдсэн.

2015 он-Аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын дэргэдэх лаборатори болон үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Лабораторийн танилцуулга

ЗОРИЛГО: Аймаг орон нутгийн ард иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, чанартай, эрүүл бараа бүтээгдэхүүн хэрэглэх, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд тавих төрийн хяналт шалгалтын ажлын үр дүнг үндэсний болон олон улсын стандарт, батлагдсан арга аргачлал дээр тулгуурлан бие даасан, хараат бусаар магадлан шинжилж, лабораторийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахад оршино.

Тус лаборатори нь Аймгийн Засаг даргын 2006-05-26-ны өдрийн 111 тоот захирамжаар аймгийн Стандартчилал Хэмжилзүйн төвийн ХАБНЛ-ийн харьяанд байсан хими, нян судлалын лабораторийг Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй уялдуулан,  хяналт шалгалтын ажлын үнэн магадлалыг тогтоох, баталгаажуулах хариуцлагатай үүргийг хүлээх зорилготой МХГ-ын дэргэд байгуулагдаж,  2007 оны 2-р сараас эхлэн лабораторийн эрхлэгч, химич, нян судлагч, лаборант, ариутгагч гэсэн бүтэц орон тоотойгоор үйл ажиллагаагааэрхлэн явуулж байсан бол өнөөдрийн байдлаар лабораторийн эрхлэгч, ахлах химич-чанарын менежер, микробиологич, шинжээч-3, лаборант-2, ариутгагч гэсэн нийт 9 хүний бүтэц орон тоотойгоор ажиллаж байна.

Лаборатори нь Хими-хор судлалын, Эрүүл ахуй-нян судалын, Таримал ургамлын үр-хорио цээрийн гэсэн 3 чиглэлээр  орчин үеийн шинжилгээний арга аргачлалд тулгуулан хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөргөөр нөлөөлөх хими, физик, биологийн хүчин зүйлсийг бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, гоо сайхан, ахуйн химийн болон ариун цэврийн бүтээгдэхүүн, ундны болон цэвэр ус, орчны эрүүлзүйн шинжилгээ, мөн таримал ургамал, ургамлын үр, түүхий эдэд тодорхойлж, эрүүл ахуйн болон чанар аюулгүй байдлын баталгааг сорилтын дүнгээр нотлон гаргахад лабораторийн үндсэн үйл ажиллагаа чиглэгддэг.

Ур чадварын сорилт гүйцэтгэх гэрээний дагуу МХЕГ-ын дэргэдэх Хүнсний Аюулгүй Байдлын Үндэсний Лавлагаа лабораториос зохион байгуулдаг ур чадварын сорилтын хөтөлбөр, лаборатори хоорондын харьцуулалтанд тогтмол оролцож, сорилт гүйцэтгэх чадавхиа хөндлөнгөөс үнэлүүлдэг.

 

ХОЛБОО БАРИХ

Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газар

Хаяг: Мөрөн сум, захиргааны байр

Утас:70382125

Факс:70384468

И-Мэйл: p_hu@inspection.gov.mn

Вебсайт: www.hu.inspection.gov.mn

БАЙРШИЛ